П.Мягмаржаргал нь хипно засал, сэтгэл зүйн зөвлөгөө-заслын үйлчилгээг тус тусад нь үзүүлдэг. Сэтгэлзүйн зөвлөгөө-заслын үйлчилгээ авахыг хүсвэл миний сэтгэлзүйн зөвлөгөөний календараар дамжуулж цаг товлож болохоос гадна “Монголын Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн”-гийн (МССХҮХ) вэбсайт  эсвэл байгууллагын албан ёсны фэйсбүүк хаягнаас дэлгэрэнгүй мэдээлэл авч, холбогдоно уу. Мягмаржаргал нь МССХҮХ-нд сэтгэлзүйчээр ажилладаг болно.

Сэтгэлзүйн зөвлөгө/заслын талаар товчхон

Танд ойлголт өгөх үүднээс сэтгэлзүйн зөвлөгөө/засал гэж юуг хэлэх вэ мөн юуг хэлэхгүй вэ гэдгийг тайлбарласан товч мэдээллэлтэй танилцна уу.

Сэтгэлзүйн зөвлөгөө/засал нь асуудлаа сэтгэлзүйчээр шийдүүлэх үйл ажиллагаа биш харин сэтгэлзүйчтэй хамтран өөрийгөө болон өөрт тулгамдаж буй асуудлыг хамтран ойлгох мөн мэдрэмж, бодол, зан үйлийн хэв маягтаа өөрчлөлт оруулах зорилготой хамтын ажиллагаа юм.

📍 Юу сэтгэлзүйн зөвлөгөө-засал МӨН бэ?

✅ Ямар нэгэн шүүмжлэл, шүүлтгүй аюулгүй орон зай

Сэтгэлзүйч танд хортой байгаа бодит байдлыг байгаагаар нь үнэнээр нь хэлэх, танд харуулах шаардагатай боловч таныг ямар нэг байдлаар шүүх учиргүй юм. Сэтгэлзүйч үйлчлүүлэгч хоёрын хооронд аюулгүй тухтай мэдрэмж төрүүлэхүйц харилцаа үүсэх нь чухал байдаг. Тиймээс эхний хэдэн уулзалтаас та тухтай мэдрэмж авч чадахгүй бол сэтгэлзүйчтэй үргэлжлүүлэн ажиллахаас татгалзах эрхтэй.

✅ Таны туршлага мэдрэмжийг хүндэлсэн орон зай харилцаа

Хүн бүрийн туршлага өөр. Таны туршлага таны хувьд үнэн учир сэтгэлзүйч бусдынхтай харьцуулж хүнд, хөнгөн, чухал, чухал бус гэж үгүйсгэх эсвэл шүүх учиргүй. Тиймээс сэтгэлзүйн зөвлөгөөний харилцаанд таны мэдрэмж, туршлагыг сэтгэлзүйч нөхцөл тавихгүйгээр хүндэтгэн хүлээн авна.

✅ Бэрхшээл, хязгаарлалтыг даван туулахад чиглэсэн үйл явц

Хамтран ажилласнаар ойр дотны харилцаа, өөрийн талаар мэдрэмжтэй холбоотой хаалтууд, хэт явцуу мэдрэмж, ойлголтыг даван туулахад чиглэн сэтгэл зүйн зөвлөгөө-засал явагддаг.

✅ Ажил- Ажиллагаа

Сэтгэлзүйн зөвлөгөө-заслын үеэр бараг л дандаа ямар нэг өөрчлөлт явагдах шаардлага үүсдэг. Ямар ч хүнд ямар ч үед өөрчлөлт хийхэд амаргүй байдаг. Өөрчлөлт хийхэд хугацаа ордог бөгөөд сэтгэлзүйн зөвлөгөөний уулзалтаас гадуур бие даан ажиллах шаардлагатай байдаг. Олон тохиолдолд сэтгэлзүйч ямар нэг даалгавар өгөх нь бий.

📍 Юу сэтгэлзүйн зөвлөгөө-засал БИШ вэ?

❌ Би очоод “засагдах” газар

Монгол хэл дээр засал гэж ярьдаг боловч яг үнэндээ сэтгэлзүйн зөвлөгөө-заслаар хэн нэгнийг засдаггүй. Яагаад гэвэл та эвдэрхий биш. Та өөртөө ямар өнцөг ямар шинэ хэв маяг, өөрийн мэдрэмж туршлагыг хэрхэн ойлгох вэ гэх мэтээр өөртэйгөө холбогдох үйл явц юм. Тиймээс сэтгэлзүйч таны шийдэл, сонголтыг заахгүй.

❌ Бүх амьдралаа дандаа дэлгэх ёстой газар

Та сэтгэлзүйчтэй уулзмагцаа хамаг амьдралаа дэлгэ гэсэн шаардлага байдаггүй. Мэдээж илүү үнэн байх тусам танд тустай байх боловч хэзээ юугаа нээж хуваалцмаар байгаа нь таны бэлэн байдлаас хамаарна. Тиймээс сэтгэлзүйч таныг хэт хүчлэхгүй. Мөн та уулзмагцаа бүхнээ дэлгэх ёстой гэж өөрийгөө хүчлэх шаардлагагүй юм.

❌ Сэтгэлзүйн уулзалт бүр өвдөлттэй, хүндхэн байдаг

Хүн бүрийн ажиллахийг хүсч байгаа асуудал өөр өөр. Түүнээс гадна сэтгэл зүйн зөвлөгөө заслын явцтай холбоотойгаар зарим үед уулзалтууд хүнд мэдрэмжүүдтэй холбогдох боловч зарим үед маш хөнхөн байх нь бий.

❌ Тогтсон хугацааатай

Хүн бүр заавал долоо хоног бүр нэг, хоёр удаа уулзах ёстой гэсэн тогтсон жор байхгүй. Хүн хүний асуудал, амьдралын шаардлагаас уулзалтуудын давтамж өөр өөр байдаг.

Танд сэтгэлзүйн зөвлөгөө-засалтай холбоотой өөр асуултууд байвал уулзалтуудын үеэр сэтгэлзүйчээс нээлттэй асуугаарай

Үйлчилгээний нөхөцлтэй цаг товлох календар дээрээс танилцна уу.